ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 49-р тогтоолоор “Барилгын техник мэргэжлийн 5-р дунд сургууль” нэртэйгээр анх байгуулагдаж, түүхэн хөгжлийн явцад “Үйлдвэр сургалтын барилгачин төв”, “Барилгын шаталсан сургалттай мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв”, “Техник технологийн коллеж”, “Техник технологийн политехник коллеж” болон өргөжсөн.
Манай сургууль байгуулагдсан цагаас барилга,  дэд  бүтцийн  салбарт  19.000 гаруй  төгсөгчийг ажил, хөдөлмөрт  бэлтгэж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлт 86 хувьтай мэргэжлээрээ манлайлан ажиллаж байна.
Бид сургуулийг  хөгжүүлэх  стратеги  төлөвлөгөөний хүрээнд  “Техник технологийн салбарт үнэ цэнтэй мэргэжилтэн бэлтгэх” эрхэм зорилго дэвшүүлэн МУ-ын Засгийн газраас зарласан төсөл, хөтөлбөрүүдэд санаачилгатай   оролцон  2013 онд  Монгол  yлсын “Барилгын мэргэжлийн жишиг сургууль”, 2018 онд Мужааны  мэргэжлийн  чиглэлээр   төрөлжсөн  үнэлгээ,   баталгаажуулалт,   мэргэшүүлэх   сургалтын “Чадамжийн төв”-ийг  байгуулж,  ижил  түвшний  сургуулиудаа   хошуучлан  ажиллаж  байна.  Манай сургуулийн суралцагчид эх орноо төлөөлөн 2015, 2017, 2019, 2022 онуудад “Дэлхийн ур чадварын” тэмцээнд гагнуур, мужаан, тогооч, сантехникийн мэргэжлийн чиглэлээр амжилттай оролцож, Монгол улсад анхны медалийг авчирч байсан.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн дэмжлэгээр 2013 оноос хойш төрөлжсөн чиглэлээр Чадамжийн төвийг бий болгох, хөгжүүлэх цогц төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Чадамжийн төвийн менежмент, чанарын тогтолцоо бүрдэж, багшийг үе шаттай хөгжүүлэх,мэргэшлийн түвшин ахиулах сургалтын хөтөлбөр, гарын авлага цахим, интерактив хэлбэрээр боловсруулагдаж, сургалтыг зохион байгуулах сургагч багш нар бэлтгэгдсэн.
Ази номхон далайн бүс нутгийн техникийн болон мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага (APACC) -р сургалтын байгууллагын түвшинд хөндлөнгийн үнэлгээг 2 удаа хийлгэж, 2014 онд “Мөнгөн зэрэглэл”-д, 2019 онд Монгол улсад анх удаа “Алтан зэрэглэл”-д магадлан итгэмжлэгдэж чанараа баталгаажуулсан.
Өдгөө 39 дэх хичээлийн жилдээ мэргэжлийн сургалт, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын 20 гаруй хөтөлбөрөөр шаталсан сургалтын үйлчилгээг тасралтгүй хүргэж, ирээдүйд нэн хэрэгцээ, шаардлагатай барилга, дэд бүтэц, хүнс үйлдвэрлэлийн
салбарын сургалтын хөтөлбөрөөс гадна мэдээлэл харилцаа, технологи, график дизайны чиглэлийн сургалтын хөтөлбөрийг шинээр нэмж, дата олборлогч, хиймэл оюун ухаан, тооцоологч, кодлогчдыг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.
Техник технологийн политехник коллежийн бүтээгч хамт олон бид 2021-2025 оныг дуустал хэрэгжүүлэх таван жилийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг STEM, SWOT, PESTEL зэрэг шинжилгээг ашиглан боловсруулж сургуулийн хөгжлийн зорилгоо дараах таван чиглэлд тодорхойлсон.

Нэгт, сайн багшийг татах, тогтвор суурьшилтай ажиллах, ур чадварыг нь тасралтгүй хөгжүүлэх. Үүний тулд, хүний нөөц, нийгмийн баталгааг хангасан цогц хөтөлбөр боловсруулах.

Хоёрт, сургалтын хөтөлбөрөө тасралтгүй сайжруулан шинэчилж, бусдаас ялгарах, өөрийн гэсэн онцлогийг бий болгох, мөн шаталсан хөтөлбөрүүдээ өөр хооронд нь илүү уялдуулж, залгамж холбоог нь хангахад анхаарах.

Гуравт,  оюутнууд ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг учир суралцах таатай орчныг бий болгох, улам бүр сайжруулах.

Дөрөвт, хамтын ажиллагаа, түншлэлээ бүхий л түвшинд хөгжүүлэх. Тавдугаарт, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулж, насан туршийн боловсролын үнэ цэнийг нэмэгдүүлэх, байнга суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд санаа нэгдэн, зориг эрмэлзэл дүүрэн байна. Ирээдүйдээ зорилготой, хүсэл эрмэлзэл дүүрэн хэн бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй. Та тавтай морилно уу.

Бид шинийг санаачлагч, манлайлагчид байна.
Бид техник, технологийн хөгжлийг бүтээгчид байна.
Бид насан туршийн суралцахуйг дээдлэгчид байна.

Хүндэтгэсэн

Захирал. Профессор Ц.Баярмаа

Facebook